ДАЛД УХАМСРАА СЭРЭЭЖ ЧАДВАЛ ТАНД МЭДЭХГҮЙ, ЧАДАХГҮЙ, БОЛОМЖГҮЙ ГЭДЭГ ҮГС МАРТАГДАНА

Энэхүү номын хуудас бүхэн таны амьдралын 95%-ийг таны өмнөөс удирддаг гэх далд ухамсарт хадгалагдсан мэдээллийг тань ил тод болгож, өөртөө суусан кодыг өөрчлөх боломжийг олгон, улмаар дадал зуршлыг эергээр өөрчилж, амжилттай амьдралын тань хөтөч болно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл зүйгээ ойлгож өөрийгөө таних нь аз жаргалтай, амар тайван, амжилттай амьдрах суурь нөхцөл юм гэдгийг сэтгэл зүйч мэргэжлээр сурах шийдвэр гаргахаасаа ч өмнө олж харсан минь энэ сайхан мэргэжлээр суралцаж, өөрийгөө илүү гүнзгий ойлгож, мэдрэмжээ мэдэрч, дотоод дуу хоолойгоо сонсож, өөрийгөө шинээр бүтээх аяллаа эхлүүлэх учир шалтгаан минь болсон төдийгүй уншигч танд мөн адил өөрийгөө олоход тань хөтөч болоосой гэсэн чин хүсэл тээн энэхүү номоо танд зориулж байна. Жинхэнэ аз жаргал гаднаас биш дотроос ирдэг. Өөрийгөө ойлгохыг хүсэхгүй, үүнийг огт анзаарахгүй амьдарна гэдэг нь боломж бололцоо, хүчин чадлынхаа зөвхөн 5-10%-иар амьдарна гэсэн үг. Энэхүү номоороо сэтгэл хөдлөл, оюун ухаан, далд ухамсар, дадал зуршил гэж юу болохыг бид мэдэж авснаар оюун ухаант хүний асар их боломжийг олж харж, өөртөө нээх анхан шатны сэтгэл зүйн оношлогоо, зөвлөгөөг орлохуйц дасгал ажлын хамт хүргэхээр зорилоо. Хүний хөгжил өөрийгөө таньж мэдэхээс эхлэх тул энэхүү номоос бид асуудлынхаа учрыг олж өөртөө асар их боломжийн үүд хаалгыг нээх болно. Сэтгэл судлал, нейропсихологийн шинжлэх ухааны онолд үндэслэн, амьдрал дээр өөрийн далд ухамсар, сэтгэцийн автомат үйл явцыг хэрхэн таних ашиглах вэ гэдэгт голлон төвлөрөхийг хичээсэн болно. Энд үүнтэй нягт уялдаа холбоотой сэдэв болох дотоод хүүхдийн шарх, эдгэрэл, хортой эцэг эхийн асуудал, хохирогчийн сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, түүнийг хэрхэн боловсруулах гээд олон сэдэв хөндөгдсөн болно. Мөнгөний блок, түүнийг тайлах гээд мөнгө санхүүгийн асуудал ч багтсан. Ингээд өөрийгөө таньж, сэтгэл зүйгээ ойлгож удирдахыг амьдралын чухал зорилгоо болгосон хүн бүхэнд энэхүү дасгал ажил бүхий номоо зориуллаа. Сэтгэл зүйгээ ойлгох нь амжилттай амьдралын үндэс. Далд ухамсрынхаа учрыг олвол та далд ухамсраа сэрээж чадна. Сэрээж чадвал танд мэдэхгүй, чадахгүй, боломжгүй гэдэг үгс мартагдана.

Зохиогч: Сэтгэл зүйч Д.Наранцацрал
Хэвлэгдсэн: 2026